CFA буюу Олон Улсын Санхүүгийн Итгэмжлэгдсэн Шинжээч цолыг дэлхий нийтийн хөрөнгө оруулалтын шилдэг мэргэжилтнүүдийг эгнээндээ багтаасан АНУ-д улсад төвтэй байгууллага болох CFA Institute-ээс олгодог бөгөөд уг байгууллагыг анх 1947 онд Бостон, Чикаго, Нью-Иорк, Филадельфийн санхүүгийн нийгэмлэгийн гишүүд туршлага, санаа бодлоо солилцох, мэргэжлийнхээ нэр хүндийг өргөж таниулах зорилготойгоор үүсгэн байгуулсан.
CFA цолны анхны шалгалтыг 1963 онд зохион байгуулсан бөгөөд шалгалт авдаг байх санааг анх бүр 1945 онд домогт Benjamin Graham гаргаж байжээ.
Цолны болзолыг хангахын тулд Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, Хувьцааны хөрөнгө оруулалт, Тогтмол орлоготой үнэт цаас буюу бондын хөрөнгө оруулалт, Алтернатив хөрөнгө оруулалт, Үүсмэл санхүүгийн хэрэгслүүд, Тоон шинжилгээний аргууд, Санхүүгийн тайлангийн шинжилгээ, Корпорацийн санхүү, Эдийн засгийн онол, Хөрөнгө оруулалтын багцын удирдлага зэрэг 10 сэдвээрх, 3 түвшиний шалгалтуудыг өгч тэнцсэн байхын дээр дор хаяж 4 жилийн туршид хөрөнгө оруулалт, санхүүгийн шийдвэр гаргах чиглэлээр ажилласан туршлагатай байх шаардлагатай.
Өнөөгийн байдлаар дэлхий даяар нийт 170 мянга орчим мэргэжилтнүүд энэ цолыг эзэмшиж, JP Morgan, UBS, Royal Bank of Canada, Morgan Stanley, BlackRock, Goldman Sachs зэрэг дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагуудад ажиллаж байна.
CFA цол нь хөрөнгө, санхүүгийн зах зээлд ажиллагч мэргэжилтний хүртэж болох хамгийн дээд цол бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны тал бүрийн мэдлэгийг гүн гүнзгий эзэмшсэний дээр мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг чанд хатуу баримталж ажилладгийн илэрхийлэл болдог. Түүнчлэн CFA цол эзэмшигчид нь CFA Institute нийгэмлэгийн гишүүнчлэлээрээ дамжуулан санхүүгийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн судалгаа, мэдээллээр хангагдах боломжтой.
Тун Консалт ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Тунгалаг энэхүү цолны шалгалтуудыг Их Британи улсын Эдинбург хотод өгч, цолыг хүртсэнээр Монгол улсын анхдагч CFA цолтнуудын нэг болж байсан юм.