Тухайн ажилтан мэргэжилтэн жинхэнэ мэргэшсэн болно гэдэг нь мэдлэг чадвартай байхын дээр тухайн мэргэжлийн ёс зүйг баримталж мөрддөг, уг байдлаараа нийгэмд үлгэрлэн үйлчилж, өсөлт хөгжилтийг бий болгодог байхыг хэлдэг.
Санхүү, хөрөнгө оруулалтын харилцаа нь үйлчлүүлэгч болон үйлчлэгчдийн харилцан итгэлцэл дээр тогтох бөгөөд үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгө, ирээдүйн төлөвлөгөөгөө үйлчилгээ үзүүлэгчид итгэж найдан даатгаж, үйлчилгээ үзүүлэгч түүнийг өсгөж үржүүлэх, биелүүлж бүтээхэд туслах онцгой хариуцлагыг хүлээнэ.
Улмаар санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээгээр бий болох бүтээгдэхүүн нь биет бараа шиг гарт баригдаж нүдэнд харагдахгүй, зөвхөн мэргэжилтэний өгөх дүгнэлт тооцоололд үндэслэх тул мэргэжлийн ёс зүй, түүнд үндэслэх итгэлцэл ойлголцол туйлын чухал.
Санхүү, зах зээлийн мэргэжилтнүүд нь мөн илүү мэдлэг мэдээллээ үйлчлүүлэгчид, харилцагчдын эсрэг их бага ямар нэгэн байдлаар ашиглахгүй байхад ёс зүй чухал үүрэгтэй.
Тун Консалт ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллахын дээр зах зээл, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдэд мэргэжлийн ёс зүйн талаар сургалт явуулж, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж эхлээд байна.
Компанийн Ерөнхий зөвлөх С.Тунгалаг CFA нь Монгол улсын хөрөнгийн зах зээлд CFA Institute-ийн Хөрөнгийн менежерийн кодекс-ийг нэвтрүүлэх ажлыг санаачлан эхлүүлсэн бөгөөд Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн гишүүдэд мэргэжлийн ёс зүйн сэдвээр хичээл заадаг.
Цаашдаа зах зээлд мэргэжлийн ёс зүйг таниулах нэвтрүүлэх чиглэлээр сонирхдог, судалдаг гадна дотнын мэргэжилтнүүдтэй хамтран тууштай ажиллах эрмэлзэлтэй.