Төслийн санхүү нь авто болон төмөр зам, гүүр, хонгил, нисэх буудал, ус болон хий дамжуулах байгууламж хоолойнууд, цахилгаан үүсгэх, хураах, дамжуулах байгууламж шугамууд, сургууль, цэцэрлэг зэрэг эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг бүрдүүлдэг, олон оролцогчдыг хамарсан, хэмжээ далайцтай бүтээн байгуулалтуудыг зөвхөн тухайн төслөөс бий болох мөнгөн урсгалаас төлөгдөх байдлаар хийх санхүүжилт бөгөөд хэрэгжүүлэгчдийн санхүүгийн чадавхи хоёрдогч ач холбогдолтой байдаг.
Монгол улсын өргөн уудам нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай зэрэг онцлог байдал нь дэд бүтцийн төслийн санхүүжилтийн өгөөжийг бууруулах нөхцөл болдог тул тооцоолол төлөвлөлтийг онцгойлон анхаарч хийх шаардлагатай.
Өнөөгийн байдлаар Монгол улс дэд бүтцийн дийлэнх төслүүдийг концессийн Барих-Шилжүүлэх гэрээгээр санхүүжүүлж, эзэмшиж байгаа нь шалгарсан жишиг, туршлагад үл нийцэж, өгөөжийг бууруулах давхар шалтгаан болж байна. Дийлэнх орнуудын хувьд дэд бүтцийн төслүүдийг Барих-Өмчлөх-Ашиглах, Барих-Өмчлөх-Ашиглах-Шилжүүлэх, Барих-Ашиглах-Шилжүүлэх болон Барих-Түрээслэх-Шилжүүлэх зарчимуудаар төр, хувийн хэвшил хамтран санхүүжүүлж, төслийн тогтвортой, ил тод, зах зээлийн жаягт илүү нийцэх ажиллагааг хангадаг.
Төслийн санхүүжилтийн шинжилгээ, загварчлал нь дараахь онцлогуудтай. Үүнд:
- Төслийг хэрэгжүүлэх хариуцлагыг оролцогч талуудын бусад үйл ажиллагаанаас зааглаж тусгаарлахын тулд тусгай зориулалтын компанийг байгуулна.
- Шинээр хэрэгжүүлэх тул эдийн засгийн, технологийн, байгаль орчины, улс төрийн эрсдлүүд харьцангуй өндөр байна. Эрсдлүүдийг бүрэн тодорхойлж, оролцооных нь хэмжээгээр талуудад сайтар тархааж хариуцуулах нь төслийн санхүүгийн төлөвлөлтийн үндсэн асуудлуудын нэг юм.
- Хэрэгжилтийн хувьд олон талуудын оролцоог шаардах бөгөөд үүнийг санхүүжилтийн загварт тусгана. Үүнд, төслийг санаачлагч-хувь нийлүүлэгчид, төслийн объектыг барьж байгуулах болон үйл ажиллагааг удирдан явуулах гэрээлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид, худалдан авагчид, санхүүжүүлэгч банкууд, батлан даалт гаргагчид, концессийн гэрээ байгуулсан тохиолдолд төр засгийн байгууллагууд гэх мэт.
- Төслийн санхүү нь корпорацийн санхүүгээс гадна санхүүгийн инженерчлэлийн бусад мэдлэгүүд, тухайлбал, үүсмэл санхүүгийн хэрэгслүүд (derivatives), үнэт цаасжуулалт (securitization), даатгал (insurance provisions) болон барьцааны сайжруулалт (collateral enhancement)-ын талаарх мэдлэгийг шаардана. Мөн төслийн үйл ажиллагаатай холбоотой бизнесийн мэдлэг чухал болно.
- Бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлэхээр төлөвлөж загварчлах бол төслийн санхүү төлөвлөсөн хугацааны эцэст, тавьсан зорилгоо биелүүлж, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхсөнөөр дуусгавар болох бөгөөд хугацааны эцэс дэх төслийн үнэ цэнийг бодитой тооцож гаргах нь чухал.
- Мөнгөн урсгалд суурилж төлөвлөх бөгөөд зээл эргэн төлөх чадвар (DSCR, ICR, LLCR) болон дотоод өгөөж (IRR)-ийн үзүүлэлтүүдэд илүү анхаарна.
- Улмаар эрсдлийн түвшин төслийн үе шат бүрээр өөрчлөгдөх тул санхүүгийн загвар энэ өөрчлөлтийг тусгасан уян хатан байх шаардлагатай.
Тун Консалт ХХК нь дээрх асуудлуудыг хамарсан шинжилгээ, төлөвлөлтийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, шаардлагатай тохиолдолд олон улсын нарийн мэргэжлийн зөвлөхүүдийг татан оролцуулах боломжтой.