ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ

 

Дараахь шалтгаануудын улмаас мэргэжлийн ёс зүй хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдэд бусад ажил мэргэжлүүдийнхээс илүү чухал болно.

 

– Үйлчлүүлэгч, үйлчлэгчийн хоорондын харилцааны мөн чанар:

 

Энэ харилцаа нь цэвэр итгэлцэл дээр суурилах бөгөөд үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагч нь өөрийн өмч хөрөнгө, ирээдүйн амьжиргаагаа үйлчилгээ үзүүлэгчид итгэж найдан даатгаж, үйлчилгээ үзүүлэгч энэ итгэл найдварыг хадгалж хамгаалах, биелүүлж бүтээхэд туслах онцгой хариуцлагыг хүлээнэ. Ёс зүй үгүйгээр энэ итгэлцэл үүсэхгүй, итгэлцэл үгүйгээр харилцаа үүсэхгүй, зах зээл оршин тогтнохгүй.

 

– Мэдлэг мэдээллийн тэгш бус байдал:

 

Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч нь ямагт харилцагч үйлчлүүлэгчээсээ илүү мэдээлэл, мэдлэгтэй байдаг. Илүү мэдлэг мэдээлэл нь давамгай байр суурь, эрх мэдлийг бий болгоно. Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч энэхүү давуу байдлаа үйлчлүүлэгчид, харилцагчдын эсрэг (их бага ямар нэгэн байдлаар) ашиглахгүй байхад ёс зүй чухал үүрэгтэй.

 

– Бүтээгдэхүүн үйлчилгээний шинж чанар:

 

Зах зээлийн дийлэнх бүтээгдэхүүн, үйлчилгээ нүдэнд харагдаж, гарт баригдах бодит шинж байдалтай, чанар байдлаа алдан харилцагчидыг хохироохгүй байх баталгаа, батламж дагалдсан байдаг. Худалдан авагч сонирхсон бүтээгдэхүүнийхээ чанарыг хүссэн санасанаар ажиллах уу, хир бат бөх үү, хир үзэмжтэй вэ гэх зэргээр шалгана. Хөрөнгө оруулалтын үйлчилгээгээр бий болох бүтээгдэхүүн нь зөвхөн мэргэжилтэний өгөх зөвлөмж, мэдээлэл, тооцоололд үндэслэх бөгөөд үйлчлүүлэгч тэдгээрийн үнэн зөв гэдэгт итгэнэ. Улмаар хөрөнгө оруулалтын үйлчилгээний бүтээгдэхүүнүүдэд бусад бүтээгдэхүүнүүд шиг найдвартай ажиллагааг амлах, чанарын баталгаа олгох боломж хязгаарлагдмал хомс, зээлийн жаягт баригдана. Энэ бүхнээс үүдээд зах зээлийн мэргэжилтэн мэдлэг чадавхитайн дээр мэргэжлийн өндөр ёс зүйтэй байх асуудал улам, дахин чухлаар тавигдана.

 

“Subtlety may deceive you; integrity never will.”

 

С.Тунгалаг, CFA

Ёс Зүйн Хороо, МҮЦАЭХ