Хамгийн ерөнхий байдлаар тодорхойлоход Investment manager-үүд буюу манай улсын холбогдох хууль журмуудад нэршиж тодорхойлсоноор Хөрөнгө Оруулалтын Менежментийн Компани (ХОМК)-ууд нь харилцагч иргэд, байгууллагуудын сул чөлөөтэй байгаа хөрөнгийг мэргэжлийн түвшинд итгэмжлэн удирдаж, өсгөн нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд юм.
Жишээлбэл, хувь иргэн уул уурхайн үйлдвэрлэлийн салбар өсөлттэй байх нь, энэ салбарт хөрөнгө оруулъя гэж сонирхож болно. Гэхдээ яаж хэрэгжүүлэх арга замаа мэдэхгүй, судалж тогтоох цаг хугацаа хязгаарлагдмал бол уг хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн ХОМК-уудад мөнгөө итгэмжлэн удирдуулахаар өгнө. ХОМК-ууд таны хөрөнгө оруулалтын зорилго, зорилтууд, эрсдэл даах чадварыг тодорхойлж, мөнгийг тань байршуулах компани, үнэт цаасыг үнэлж сонгох, хөрөнгийг оруулах, гүйцэтгэлийг байнга хянаж, тогтмол эргэн мэдээлж явах үүргүүдийг хүлээнэ. Брокерууд нь харилцагчийн даалгавраар үйл ажиллагаа явуулах бол ХОМК-ууд харилцагчийн хөрөнгийг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр түүний өмнөөс шийдвэр гаргаж, итгэмжлэн удирдана.
Дийлэнх тохиолдолд ХОМК-ууд удирдахаар авсан хөрөнгийг зах зээл дээр гарч, дан ганц банкуудаас хамааралтай бус, харьцангуй урт хугацааны санхүүгийн эх үүсвэртэй болъё, ажил хэргээ зах зээлд оролцогч олон зуун хувь оруулагчдын дэмжлэг оролцоотойгоор явуулъя, олсон ашиг өгөөжөө хуваалцъя гэж зорьсон бизнес, аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт болгон дамжуулж, тэдгээрийн хувьцаа, бонд, өрийн бичгийг худалдан авах хэлбэрээр хөрөнгө оруулна. Энэ утгаараа тэдгээр нь улс орны эдийн засаг дахь цусны эргэлттэй зүйрлэгддэг мөнгөний урсгал тасралтгүй, тогтвортой, саадгүй, ил тод, хүртээмжтэй, түргэн шуурхай явагдахад маш өндөр үүрэгтэй байгууллагууд. Мөн санхүүгийн зах зээл дэх эрсдлийг тархаахад чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрсдлийг их хэмжээний зээлийг дангаараа олгочихдог банкуудаас шилжүүлэн авч, зах зээлд оролцогч нийт хөрөнгө оруулагчдад хуваарилна.
“Мөнгө хэзээ ч унтдаггүй“ (Money never sleeps) гэсэн үг байдаг. Харамсалтай нь бидний үндэсний валют-Монгол төгрөг унтамхай, залхуу талдаа. Үүний учир нь улсын санхүүгийн зах зээлийн 90-95 хувь нь хувийн банкуудын мэдэлд байдаг, хөрөнгө мөнгөний түгээлт тархалт үндсэндээ ганц төрлийн сувгаар хийгддэг, хэрэгцээтэй хэсгүүдэд тэр бүр хүрч хүрэлцэн, оновчтой байдлаар хуваарилагддаггүй, урсгал удаан, нээлттэй ил тод бус, асуудлууд битүү далд өрнөдөг зэрэгтэй холбоотой. Иймэрхүү тогтолцоог задлахад ХОМК-уудын үүрэг өндөр бөгөөд Монгол төгрөгийг маань арай “гавшгай, жавхаатай” болгох үйл хэрэгт үлэмж дэм болно.
Санхүүгийн зах зээлийн түүхэнд анхны хөрөнгө оруулалтын менежер 1770-аад оны үед бий болсон гэж үздэг бөгөөд үүнээс хойш уг зах зээл өсөн өргөжсөөр өнөөдрийн байдлаар ХОМК-уудын удирддаг нийт хөрөнгийн хэмжээ 90 гаруй их наяд ам.долларт хүрээд буй. Манай улсын жилдээ үйлдвэрлэдэг ДНБ-ний хэмжээ 11 тэрбум ам.доллар гэдэгтэй харьцуулахад 8000 дахин их тоо! Бид жижигхэн эдийн засаг юмаа гэхэд дэлхийн нийтийн ДНБ болох 80 орчим их наяд ам.доллараас ч бас даваад гарах үзүүлэлт. 2017 оны байдлаар дэлхийн хамгийн том investment manager, ХОМК болох BlackRock-ын удирддаг хөрөнгийн хэмжээ 4.9 их наяд ам.доллар, түүний дараагийн гигант, Vanguard Asset Management-ийнх 3.7 их наяд ам.доллар байсан байх жишээтэй.
ХОМК-уудын харилцагчиддаа зориулсан хөрөнгө оруулалтуудыг байршуулах, хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлэх хэлбэрүүд нь янз бүр байх бөгөөд үүнээс үүдэн хамтын хөрөнгө оруулалтын сан буюу mutual fund, хувийн хөрөнгө оруулалтын сан буюу private equity fund, real estate fund буюу үл хөдлөх хөрөнгийн сан, hedge fund гэсэн ойлголтууд гарч ирнэ. Дэд бүтцийн төслүүдийн сан, ашигт малтмалын хөрөнгө оруулалтын сангууд ч гэж бий.
Mutual fund-ууд нь харилцагчдын хөрөнгийг дийлэнхдээ зах зээл дээр нээлттэй, тогтмол арилжаалагддаг бизнесүүдийн хувьцаа, өрийн бичиг, бонд зэрэг хэрэгслүүдэд оруулж, хүсч сонирхсон ямар ч харилцагчид хөрөнгө оруулах эрхийг нээлттэй олгоно. Бага хэмжээгээр ч болов хөрөнгө оруулах боломжтой. Жишээ нь, UK-д гэхэд ийм санд хөрөнгө оруулах нэгж эрхийг 50, 30, бүр түүнээс ч бага хэмжээний фунт стерлингээр үнэт цаасны брокероор дамжуулан худалдан авч болно. Зах зээлд танигдсан, түгээмэл санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулдаг тул хөрөнгө оруулалтын эрсдэл харьцангуй бага. Улмаар харилцагчид оруулсан хөрөнгөө буцаан авахыг хүсвэл сан өөрийн багц дахь зах зээл дээр хөрвөх чадвар сайтай хувьцаа, өрийг бичиг гэх мэт хэрэгслүүдээсээ зараад л хүсэлтийг биелүүлчихнэ. Мөнгөө түгжинэ гэсэн асуудал байхгүй. Харилцагчид өөрсдөө ч оруулсан хөрөнгийг баталгаажуулах сангийн нэгж эрхийг зах зээл дээр зараад мөнгөө буцаагаад авчихаж болно.
Манай улсын холбогдох хуулиудад энэ хэлбэрийн сангуудыг Хамтын хөрөнгө оруулалтын сан хэмээн томъёолсон байна. Одоогийн байдлаар зах зээл дээр үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрлөө аваад буй 15 ХОМК-иас Ард Санхүүгийн Нэгдлийн дэргэдэх ХОМК энэ хэлбэрийн сангийн үйл ажиллагаа явуулдаг. Зах зээлийг бий болгож, хөгжүүлэхэд оруулж буй хүчин зүтгэлийг нь үнэлж, зоригтой, дайчин, алсын хараатай гэсэн комментийг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй.
Бусад Private equity fund, Real estate investment trust, Hedge fund зэрэг нь нийтлэг бус, алтернатив хөрөнгө оруулалтын төрөлд хамаарч, хөрөнгө мөнгөө өсгөх сонирхолтой харилцагчдын эрсдэл нэлээд сайн даах чадвартай, харьцангуй чинээлэг хэсэгт зориулагдана. Хөрөнгө оруулалтын босго хэмжээ харьцангуй өндөр бөгөөд 1 сая ам.доллараас ч дээш байх нь түгээмэл.
Real estate fund-ууд нь үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани, бизнесүүдэд хөрөнгө оруулна, хөрөнгө оруулах эрхийг харилцагчдад нээлттэй зарлана.
Private equity fund-ууд нь харилцагчдын хөрөнгийг хувийн өмчийн мэдлийн компаниудад оруулна. Хөрөнгө оруулах эрхийг хаалттай хүрээнд санал болгоно.
Hedge fund-ууд нь харин дөнгөж бий болсон шинэ залуу компаниудын хувьцаа, өнөөдөр зэрэглэл доогуур, үнэ хямд байгаа ч хэсэг хугацааны дараа үнэ өсөх магадлалтай бондууд (Монгол гэх мэт хөгжиж буй улсын бондууд үүнд хамаарна), үүсмэл санхүүгийн хэрэгслүүд гээд өндөр ашиг олох боломжтой бүхэнд хөрөнгө оруулна. Эдгээр хэрэгслүүдийн үнэ унана гэж үзвэл өнөөдөр өндөр үнэтэй байгаа дээр нь зээлээр худалдан авч зараад (short-selling), дараа хямдарсан үед биетээр худалдан авч зээлээ төлөн ашиг гаргана. Их хэмжээний спекуляци хийнэ. Хир баргийн эрсдлийг даваад гарах хөрөнгөтэй байхыг харилцагчдаасаа шаарддаг нь эдгээр үйл ажиллагаануудаас нь үүдэлтэй. Private equity fund-уудын адил хөрөнгө оруулах эрхийг нийтэд бус, хаалттай хүрээнд санал болгоно.
Улмаар Private equity fund, Hedge fund-ууд нь хөрөнгө оруулалтыг зах зээл дээр тэр бүр түгээмэл байдаггүй, стандартчилагдаагүй хэрэгслүүдэд байршуулдаг тул харилцагчдын хувьд mutual fund-д хөрөнгө оруулсаны адилаар хөрөнгө оруулалтаасаа хүссэн үедээ гарч, мөнгөө буцаагаад авчих боломж муутай. Гэхдээ зах зээл дээр “Үнэгүй үдийн хоол гэж хэзээ ч байдаггүй” гэсэн зарчим үйлчлэх тул мөнгөө хэсэг хугацаанд тэсвэртэй түгжүүлсэнийхээ хариуд илүү өндөр өгөөж хүртэх боломжтой.
Манай улсын хувьд алтернатив төрлийн хөрөнгө оруулалтын сангуудаас зөвхөн Private equity fund-ыг Хувийн хөрөнгө оруулалтын сан хэмээн хуулиар тодорхойлж, үйл ажиллагааны орчинг нь албан ёсоор бий болгоод буй.
Зах зээл, хөрөнгө оруулалт гэдэг нь хэн хүнгүй урьдчилан тааж хэлээд байх боломжгүй олон ааш аягтай, гэнэтийн нөхцөл байдал үүсгэх сэжүүрүүдээр арвин баян тул ХОМК-уудын харилцагчиддаа зориулан сонгож хийсэн хөрөнгө оруулалтуудын зарим нэг нь, улмаар эдийн засаг бүхэлдээ уруудаж муудсан үед бол бүр нэлээд хэд нь доголдож, муудах үе элбэг тохиолдоно. Ингэх бүрд ХОМК-ууд харилцагчдынхаа хөрөнгийг итгэмжлэн удирдаж, өсгөн үржүүлэх үүргийнхээ гүйцэтгэлийг хангаж чадахгүйд хүрч болзошгүй бөгөөд ийм нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, хүндрэл нэгэнт гарсан бол шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх хүчин чадавхитай байх нь үлэмж чухал. Ерөнхийдөө зах зээлийг урьдчилан харж, таних чадвартай цэцэн мэргэн зөвлөхүүд, шинжээчид, сайтар бүрдүүлсэн эрсдлийн улирдлага, хяналтын тогтолцоо нь ХОМК-ууд болон сангуудын үйл ажиллагааны тархи, амин судас нь.
Манай улсын хувьд эдгээр санхүүгийн байгууллагууд зах зээл дээр дөнгөж л мэндэлж, байр сууриа нэгэнт эзэлсэн банкуудтай өрсөлдөх том сорилтын өмнө оршиж буй. Хэдийгээр тухайн орны эдийн засагт банкны байгууллагууд түлхүү давамгайлсан санхүүгийн тогтолцоо илүү үр дүнтэй юу, эсвэл хөрөнгийн зах зээл давамгайлсан нь дээр үү гэдэг дээр төрөл бүрийн санаа бодлууд оршдог ч санхүүгийн зах зээлийн 95 хувь нь арилжааны банкуудын мэдэлд байдаг ямар ч хөгжсөн эдийн засаг дэлхийд байхгүй. Хөгжлийн шалгарсан түүхийг сөхвөл ХОМК-ууд, тэдгээрийн удирдлагад байгуулагдах хөрөнгө оруулалтын сангуудын эдийн засагт гүйцэтгэх үүрэг, үр нөлөө өссөөр ирсэн.
2018 он Монгол улсын санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэлээд хэдэн алхам ахиулсан жил байгаасай гэж хүснэ.
С.Тунгалаг, CFA
Тун Консалт ХХК