Энэ удаагийн ярилцлагандаа бид Монголын банкны салбарт, тэр дундаа Монголбанк-нд олон жил ажиллаад, дараагаар нь Их Британийн Стерлингийн их сургуульд бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр ч мастерийн зэрэг хамгаалсан хүчирхэг бүсгүйг урилаа. Монголын анхдагч хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нэгийг үүсгэн байгуулах ажлыг гардан эхлүүлж, зөвлөхөөр нь ажиллаж байгаа С.Тунгалаг эгч маань 2016 онд CFA цолыг хүртсэн билээ. Тэрээр олон улсад нэр хүндтэй CFA хөтөлбөрөөс олон талт, цогц, системтэй мэдлэгийг эзэмшихийг гол зорилгоо болгосон нь олон монгол залууст үлгэр дуурайлал болох бизээ.
1. Таны CFA цол эзэмшигч болохоор шийдсэн шалтгаан?
Гол шалтгаан нь санхүүч, эдийн засагчийн мэргэжлийг эзэмшсэн шиг эзэмшье, дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлийг бүрэн цогцоор нь ойлгож харах чадвартай болъё гэсэн хүслээс үүдэлтэй. Санхүү, эдийн засгийн ухаан нь нийгмийн болон онолын шинжлэх ухааны аль алиныг хослуулан хэрэглэдэг, өргөн цар хүрээтэй талбар бөгөөд үүнээс уламжлаад санхүүч, эдийн засагчийн мэргэжлийг бүрэн биш юмаа гэхэд хангалттай сайн төвшинд эзэмшихэд олон талын мэдлэг, чадвар шаардлагатай болдог. Хөрөнгийн зах зээлд ажиллаж, хувьцааны шинжилгээ хийсэн ч, банканд зээлийн шийдвэр гаргалттай холбоотой ажил эрхэлж байсан ч, эсвэл бизнесийн байгууллагад санхүүгийн менежерээр ажилладаг ч бай, аль ч тохиолдолд санхүүгийн сайн мэргэжилтэн нь корпорацын санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаар цогц мэдлэгтэй, тухайн бизнес оршиж буй улс орны эдийн засаг хаашаа, ямар хандлагатай байгааг тодорхойлох чадвартай, учирч болзошгүй эрсдэлүүдийг тооцож гаргаад урьдчилан сэргийлэх арга замуудыг нь заагаад өгчих хэмжээний туршлагатай байх хэрэгтэй.
Намайг санхүүч, эдийн засагчийн мэргэжлийг эзэмшихээр анх сурч эхлэхэд манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн эхэн үедээ явж байсан юм. Тиймээс Bachelor in Finance гэдэг цолны “онц“ дүнтэй дипломыг хөрөнгийн зах зээл, үнэлгээ гэдэг үгсийг бараг сонсоогүй (хичээлийн агуулгуудад байхгүй), эдийн засгийн ухааны хичээлийг Марксизмын онол судалсан байдалтайгаар эхлүүлж байсан хирнээ авч байлаа.
Улмаар сургуулиа төгсөөд төв банк, Монголын арилжааны хамгийн том банк, мөн олон улсын санхүүгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байгууллагуудад тухайн үедээ сонирхолтой, хариуцлагатай албуудыг хашиж байсан ч би хүссэн хэмжээндээ, хангалттай сурч боловсрох бодлоо ердөө орхиогүй юм.
Ингээд анх 2011 онд Их Британи улсад байхдаа CFA цол авахын тулд судалдаг хөтөлбөр нь миний ойлгож эзэмшихийг хүссээр ирсэн бүхнийг багтаадаг юм байна гэдгийг олж мэдсэн. Эхлээд CFA цолтон болъё гэж нэг их санаж зориогүй. Ердөө л нөгөө ойлгож мэдье гэсэн хүслээсээ хандаж, хөтөлбөрийг судалсан.
Гэхдээ 2012 оноос шалгалт өгч эхэлснээр CFA цолд хүрэх зам нь хувь хүний хувьд нэлээд том сорилт болдгийг мэдэрч, уг цолыг эзэмшихээр зорьсон доо. Нэг талаараа бараг социалист нийгмийн тогтолцоонд сурч боловсрох сууриа тавьсан өөрийгөө жинхэнэ олон улсын төвшний мэргэжилтэн болж чадах нь уу гэдгийг сорихоор шийдсэн хэрэг.
Дашрамд дурдахад би шалгалтуудаа CFA цол эзэмшигчдийг татдаг гол зах зээлүүдийн нэг болох Их Британи улсад өгч, цолоо авсан. Дээр дурдсан шиг нөхцөл байдлаас карьераа эхлүүлээд CFA цолонд хүрсэн цөөхөн мэргэжилтнүүдийн нэг юм байна гэдгээ сүүлд олж мэдсэн. Тэгээд мэргэжлийн мэдлэгээ сайтар эзэмшихийн төлөө маш тууштай хичээснээ ойлгож, бахархах сэтгэл төрсөн шүү
2. CFA шалгалтуудад бэлдэх арга барил тань юу байсан бэ?
Миний хувьд тухай тухайн үеийн цаг хугацааны боломжоосоо хамаараад төвшин тус бүрийн шалгалтанд бэлтгэх арга барил өөр өөр байсан.
Нэгдүгээр шатны шалгалтыг өгөхдөө албан ёсны curriculum-ын бүх 6 номыг бүгдийг нь, бүлэг алгасахгүй уншиж, дасгал ажлуудыг бүрэн хийж дуусгасан. Шалгалтын өмнөх нэг сард бүх уншсанаа дахин нэг гүйлгэж харж баталгаажуулсан. Энэ бүхэнд нийтдээ 5 сарын туршид өдөр бүрийн дунджаар 6-7 цагийг зарцуулсан. Гурван шатны шалгалтуудын дотроос миний хувьд хамгийн их хугацаа, хөдөлмөр зарцуулж бэлтгэсэн нь нэгдүгээр шатны шалгалт байж. Энэ нь миний CFA хөтөлбөрт анх орсон шалтгаан болох санхүү, хөрөнгийн зах зээлийн талаар бүх талын мэдлэг, чадвар эзэмших хүслээ биелүүлэх сууриа сайн тавьж авах зорилтоос үүдэлтэй.
2 дахь шатны шалгалтанд бэлтгэхдээ харин Schweser Notes-ыг түлхүү ашигласан. Ингэж бэлтгэсэн нь нэг талаар цаг хугацаа хязгаарлагдмал байсан, нөгөө талаар энэ үе шатны шалгалт миний хувьд илүү technical санагдсантай холбоотой. Мөн Schweser Practice Exam-ийн нэгдүгээр номыг дуусгасан. Гэхдээ мэдээж Curriculum-ын бүх дасгал ажлуудыг хийсэн.
Гуравдугаар шатны шалгалтанд бэлтгэхдээ “Curriculum” болон “Schweser Notes”-ыг хослуулан ашигласан. Шалгалтын онцлогоос хамаараад өмнөх шалгалтуудад бэлтгэж байх үеийнхээс илүү их бичиж тэмдэглэсэн. Ер нь миний хувьд бүх шатны шалгалтуудаас бэлтгэхэд хамгийн илүү сонирхолтой санагдсан нь энэ сүүлийн гуравдугаар шатны шалгалт. Өмнө үзэж судалсан бүх сэдвүүд “portfolio management” гэх нэгэн дээвэр дор нийлж, уялдаа холбоонууд нь тодорхой болох нь урамтай байсан.
Онолын бүх сэдвүүдийг судалж дууссаны дараа “Mock” тестүүд аль болох олныг хийх нь ялангуяа 3 дугаар шатны шалгалтын хувьд их чухал.
Ерөнхийдөө CFA шалгалтуудад бэлтгэх цаг хугацаа, арга барил нь тухайн хувь хүний өмнөх онолын мэдлэгийн байдал, англи хэлийг эзэмшсэн төвшин, цаг хугацааны боломж, ерөнхий сурах арга барил зэргээс хамаарах болов уу.