ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ БОЛОН ЁС ЗҮЙ

The fine line between law and ethics гэдэг үг бий. Монголчилбол хууль, ёс зүй хоёрын хооронд хуруу хирийн л зайтай гэх юм уу. Хууль ёс зүйгээс эхтэй, гэхдээ хууль бол ёс зүй биш гэсэн утгыг агуулна. Энэ санаанаас үүдээд би зах зээлийн үйл ажиллагаа яагаад дан ганц хууль эрх зүйн зохицуулалтаар явах боломжгүй байдаг, ёс зүй хэрхэн чухал болдог талаар тайлбарлахыг зорилоо.

Хууль эрх зүй болон ёс зүйн аль аль нь нийт олны үйлдэл хэргийг өөртөө болон өрөөлийн хэн хэнд хор хохирол, сөрөг муу үр дагаваргүй байлгаж, нийгмийг сайн сайхнаар залах зорилготой. Гэхдээ хууль эрх зүй нь улс орны төр засгаас дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм журмын тогтолцоо бол ёс зүй нь хувь хүн сайн дураараа, чөлөөт сонголтын үндсэн дээр мөрдөж баримтлах зарчим, мөн чанарын хэм хэмжээ юм. Ерөнхийдөө хууль эрх зүй нь ёс зүйгээс үүдэлтэй бөгөөд ёс зүйн зарчимуудыг заавал дагаж мөрдөх хэм хэмжээ болгож тогтоосон байдаг.

Гэхдээ амьдрал баян, олон өнгө төрхтэй тул ёс зүйтэй үйлдэл бүхнийг зааж хуульчлах боломжгүй. Жишээ нь итгэл үнэмшлийнхээ төлөө жагсаж цуглах нь ёс зүйтэй үйлдэл байж болох ч ингэхийг хууль журмаар хориглосон байж болно. Хуульчилсан зохицуулалт хэт их болсоноор хувь иргэд тэр бүгдийг гүйцэж мөрдөх аргагүй болж, өдөр тутмын амьдралдаа заримыг нь зөрчихөөс аргагүйд хүрнэ. Улмаар хууль зөрчөөгүй хэн нэгэн үл үлдэж ч болох. (Зөвлөлт Оросын үеийн дотоодыг хамгаалахын дарга Л.Берия “Хүнийг нь заагаадах, би хэргийг нь хэлье“ гэдэг байсан гэдэг. 😱)

CFA нийгэмлэгээс гаргасан мэргэжлийн ёс зүйн талаарх судалгааны дүнгээр хөрөнгийн зах зээлд хууль журмын зохицуулалт их байснаар итгэлцэл нэмэгдэж, үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө гэж үзэх оролцогчид байсан. Хэдийгээр энэ хандлага зарим нөхцөл байдалд зөв зүйтэй байж болох ч дээр өгүүлсэн болон дараахь зарим шалтгааны улмаас хууль эрх зүй нь мэргэжлийн харилцааг зохицуулах хамгийн зөв арга хэрэгсэл байж чаддаггүй. Үүнд:

• Гэнэтийн байдлаар үүссэн асуудлыг зохицуулах хууль тогтоомж нь ихэнх тохиолдолд цаг хугацаа хожимдож гардаг. 

• Гарсан хууль тэр бүр төгс төгөлдөр биш, цоорхойтой, зарим асуудлыг дутуу харсан байж болно.

• Улс орон бүрийн хууль журмууд хоорондоо тэр бүр адилгүй, нийцэлгүй байж болно.

• Хуулийн тайлбарыг ялгавартайгаар хийх боломжтой.

Энэ бүхний улмаас хууль эрх зүйн зохицуулалт нь зах зээлд ёс зүйг мөрдүүлэхэд бүрэн хангалттай биш бөгөөд хувь оролцогчид, мэргэжлийн байгууллагын ёс зүй чухлын чухал болно. Мэргэжлийн ёс зүй нь хууль эрх зүйн хүрээнээс даван гарч, нийт зах зээлийн хөгжил дэвшилийн төлөө оролцогч бүрийн хүсэл зоригоороо дагаж мөрдөх хэм хэмжээ болно.

Ёс зүйг баримтлахын тулд хувь мэргэжилтэн болон байгууллагууд зохицуулсан хууль журам үгүй үед ч асуудлыг тал бүрээс нь нухацтай дэнсэлж, бүр талын эрх ашгийг харгалзсан, алсаа харсан шийдвэр гаргана. Амаргүй хэцүү сонголттой тулгарсан ч ингэж хандах нь хожим хойчдоо ээлтэй байж, зах зээлийн хөгжлийг түрнэ. Мэргэжлийн нэр хүнд өсч, харилцагч, олон нийтийн итгэл нэмэгдэнэ.

С.Тунгалаг, CFA

Ёс Зүйн Хороо, МҮЦАЭХ