Санхүүгийн загварчлал нь бизнесийн цаашдын төлөв байдал, гүйцэтгэлийг компьютерийн програмууд (Excel Macro, Python, VBA гэх мэт)-ын тусламжтайгаар хийсвэрлэн буулгах үйл ажиллагаа юм.
Зах зээлийн өөрчлөлт, эдийн засгийн унах, сэргэх мөчлөгийг хэзээ, хэрхэн явагдахыг урьдчилан таамаглах боломж тэр бүр үгүй. Тодорхойгүй нөхцөл байдлын дунд тогтвортой үйл ажиллагаагаа хадгалах хамгийн сайн бэлтгэл бол орж гарах орлого, мөнгөн урсгал, учирч болзошгүй эрсдлүүдийг зах зээл, бизнесийн үйл ажиллагааны бүх талын уялдаа холбоонд нь угтварлан харж, загварчлах явдал юм.
Загварчлалыг хийснээр дараахь асуудлуудыг шийдвэрлэнэ. Үүнд:
- Компани өөрийн бизнесийн мөнгөн урсгал, хүртэх ашиг өгөөжийг загварчлалд хамрагдах хугацааны туршид сар, улирал, хагас жил гэх мэт хүссэн давтамжит үеүдээр урьдчилан харна.
- Эргэлтийн хөрөнгө, үүнд, бараа материалын нөөц, татан авалтын зохистой түвшин, авлага, өглөгийг барагдуулах хамгийн тохиромжтой хугацааг тодорхойлж мэднэ.
- Хүний нөөц, түүхий эд, машин тоног төхөөрөмж, орон байр зэрэг үйлдвэрлэлийн орц, хүчин зүйлүүдийн хоршил зохицлын хамгийн өндөр бүтээмжтэй байх харьцааг тодорхойлно.
- Зээл эргэн төлөх чадвар болон шинээр шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэмжээг тогтооно.
- Бизнесээс олох өгөөжийг хамгийн бодитойгоор тодорхойлж мэднэ.
- Бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдлүүдийг харж, нөлөөллийн хэмжээгээр эрэмбэлэх боломжтой болно.
- Зах зээлд үүсэх боломжийг ашиглах нөөцтэй байж чадах эсэхээ харна.
Загварчлалыг компани бүрийн өвөрмөц онцлог, тухайлсан зорилго, төлөвлөгөө, стратегийг тусган, хүчин зүйл, эрсдлийн хэмжүүрүүдийг хувьсган өөрчилж харах боломжтой, уян хатан байдлаар хийнэ.
Буруу, дутуу хийсэн загварчлал нь бизнесийн буруу шийдвэрт хөтлөх үр дагавартай тул загварчлалыг хийх зөвлөх нь тухайн бизнесийн өвөрмөц онцлогуудыг сайтар ойлгосон, бизнесийн салбар, ерөнхий эдийн засгийн талаар жил дамжин төсөөлөл хийх мэдлэг мэдээлэлтэй, санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн уялдаа холбоо, стандартыг бүрэн гүйцэд мэддэг, MS Excel, Macro программуудыг ахисан түвшинд эзэмшсэн байх шаардлагатай.
Манай өнөөгийн зах зээлд үйлдвэрлэл эрхлэгч дийлэнх бизнесүүд өртгийн болон нийлүүлэлтийн сүлжээний сул хөгжсөн байдал, өмнөх төлөвлөлтийн алдаа, санхүүжилтийн тааламжгүй нөхцлүүд зэргээс шалтгаалж хүчин чадлаа бүрэн ашиглан ажиллаж чаддаггүй бөгөөд энэ байдлын эсрэг ашиг, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд бизнесийн орц, хүчин зүйлүүдийн хоршил зохицлыг хамгийн өндөр бүтээмжтэй, оновчтой байх харьцаагаар тооцоолон загварчилж төлөвлөсөн байх нь туйлын чухал юм.
Тун Консалт ХХК нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бизнесүүд болон технологийн гарааны компаниудын санхүүгийн загварчлалыг хийж гүйцэтгэсэн туршлагатай.