Хөрөнгийн үнэлгээ

Үнэлгээ нь тухайн компани, бизнес, хөрөнгийн үнэ цэнийг өгөх өгөөж, үзүүлэх үр дүнд нь үндэслэн тооцож гаргах үйл явц юм. Хөрөнгө гэдэгт биет хөрөнгө болон патент, гэрээ, зөвшөөрөл, роялти, худалдааны тэмдэг, өгөгдлийн сан зэрэг оюуны өмчийн биет бус хөрөнгүүдийн аль аль нь багтана.

Улмаар өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж буй дэлхий ертөнцийн шаардлагаар хүрээлэн буй орчин, нийгэм, засаглал (ESG) зэрэг биет бус ч материаллаг хүчин зүйлүүдийн нөлөөллийг үнэлж тооцох шаардлага үүсч буй.

Мөн цахим мөнгө, актив, токен зэрэг хэвшмэл суурь ойлголтуудыг эвдсэн шинэ хөрөнгүүдийн үнэ цэнийг тооцоолон гаргадаг шинэ журам, стандартуудыг Олон Улсын Үнэлгээний Стандартын Консулын зүгээс гаргаж эхлээд байна.

Үнэлгээг гадаад, дотоодын түншүүдээс хөрөнгө оруулалт татах, нээлттэй зах зээлд гарах, бизнесүүд нэгдэж нийлэх, бизнесээ зарж борлуулах, шинэ стратеги хэрэгжүүлэх, зах зээлийг тандах зэрэг олон зорилгоор хийдэг. Бизнес эрхлэгчид залгамж халаадаа өв хөрөнгөө шилжүүлэх үед мөн хийж бүтээснийхээ үнэ цэнийг тодорхойлж тогтоох хэрэгцээ үүснэ.

Дэлхийн хэмжээнд үнэлгээний аргачлал, жишгийг тогтоодог байгууллага нь Олон Улсын Үнэлгээний Стандартын Консул бөгөөд тогтсон жишиг журмын дагуу аливаа хөрөнгө, бизнесийн үнэлгээг үндсэн 3 хандлага, аргаар хийнэ. Үүнд:

  • Одоогийн байгаа хөрөнгөд үндэслэх (Cost approach)
  • Ирээдүйн үйл ажиллагаанд үндэслэх (Income approach)
  • Зах зээлтэй харьцуулах (Market approach)

Өнөөгийн манай зах зээлийн нөхцөлд компани, бизнесийг одоо байгаа хөрөнгөнд нь үндэслэн үнэлэх хандлага (cost approach) түгээмэл хэрэглэгдэж байгаа бөгөөд суурь зарчимын хувьд энэ нь үйл ажиллагаа нь цаашид үргэлжлэхээргүй болж, татан буугдаж буй компанийн хувьд хэрэглэдэг аргачлал юм. Үйл ажиллагаа нь үргэлжлэн явагдах компаниудын үнэлгээг ирээдүйд олох орлого ашиг, мөнгөн хөрөнгөд үндэслэн (income approach) хийх нь зүйтэй.

Зах зээлтэй харьцуулах хандлагыг (market approach) хөгжсөн зах зээлд өргөн ашигладаг бөгөөд аливаа хөрөнгө, бизнесийг ижил төстэй бусад бизнесүүдийн үзүүлэлтүүдтэй (P/E, P/B, P/CF гэх мэт) харьцуулах замаар үнэлнэ. Манай улсын хувьд бизнес, хөрөнгийг худалдах, худалдан авах үйл ажиллагаа дийлэнх тохиолдолд хаалттай хүрээнд явагддаг, мэдээллийн хангамж, чанар, нээлттэй байдал дутагдалтай зэргээс энэ аргачлалыг ашиглах нөхцөл боломж хязгаарлагдмал байдаг.

Улмаар бизнес, хөрөнгийн тухайн нэг хугацааны хувьд тооцож гаргасан үнэлгээ нь зах зээлийн нөхцөл байдал, техник технологийн хөгжил, бизнесийн өсөлт уруудал зэргээс хамааран байнга өөрчлөгдөж, хэлбэлзэнэ.

Тун Консалт ХХК-ийн зөвлөхүүд нь Монгол Улсын Мэргэшсэн Үнэлгээчин бөгөөд төрөл бүрийн бизнесүүдийн үнэлгээг хийсэн туршлагатай.